1. Чамтай уулзахаараа би Чагтага мултарч хүслээрээ жаргана Надтай уулзахаараа чи Наранд ээгдэж бодсоноороо эрхэлнэ Үйлс заяаны үнэн сайхныг Үйх сэтгэл бүтээж баясана Хосгүй нандин хайрын амтыг Ховсгүй чанарт уусгаж бахдана.
2. Хилэнцгүй хонгор дууг чинь сонсоод
Хиргүй ариун биеийг чинь харамлана
Аашгүй тунгалаг харцыг чинь ширтээд
Аргагүй үнэн сэтгэлийг чинь хайрлана
Алдуурсан унага шиг бодол минь үймрэхэд
Асгарсан бороо шиг зүрх минь цовхчино
Чагтлуулсан тулга шиг хүсэл минь номхорход
Чамайг гэсэн бүхэн багадах мэт чамлагдана.
3. Таны зүрхэн дундуур миний Гуниг урсаж цэвэрлэгдэнэ Чиний хайран дотуур бидний Хүсэл ундалж цэнэглэгдэнэ Сэтгэл саамшаах нөмөрт тань Сормуус амраан үүрд тухлая Сэв шилгээх ухаанд тань Санаа жаргаан удтал эрхлэе.
4. Асгарсан их хайрыг минь чи
Амсах биш, аяга аягаар ундал даа
Сандарсан эх сэтгэлийг минь чи
Санах биш, сав саваар уудал даа
Буцалсан энэ хүслийг минь чи
Буцаах биш, богц богцоор нь ав даа
Богшсон эл бодлыг минь чи
Басах биш, багц багцаар нэм дээ
5. Тэнгэрийн үнэр шингээсэн
Тэнгуаны амт юутай содон
Энгэрийн гэжиг сэргээсэн
Элгэмсэг нүд яасан уран
Амттаны дээд аршаалахад
Аргагүй би чамайг л бодно
Араанд уусган тамшаалахад
Амтлах уруул чинь санагдана.
6. Тэнгэрийн зарлиг дагаж
Энгэрийн товч чивчирнэ
Нүглийн хүсэл хандалж
Элэгний тамир чинэрнэ
Сэмрээгүй хааначлал ноёлоно
Сэвтээгүй тавилан залагдаж
Сэрэхүй мэдрэмж номхорно.